Өөрийгөө олох олох гэж хайж яваа танд миний блог таалагдана гэж найдаж байна. Бид магадгүй өөртөө байгаа зүйлийг харалгүйгээр дэндүү хол явчихсан байдаг ч юм билүү. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийгөө танихыг зөвөлдөг. Харин яаж гэдгийг хамтдаа хайцгаая... Танд туслах нь таны үүрэг
Sunday, April 17, 2011
О.Цэнд-Аюуш: Би зуурдын юмыг амжилт гэж боддоггүй
“Болор цом”-26 яруу найргийн наадмын тэргүүн дэд байрын шагналт, залуу яруу найрагч О.Цэнд-Аюуштай ярилцлаа. Энэ наран дор эгэл жирийн л амьдарч яваа тэрээр өөрийгөө тодорхойлохдоо “би хэнээс ч илүү биш, бас хэнээс ч бас дутуу биш ийм л хүн” гэсээр нэг их урт санаа алдаж тамиа сорох. Түүнтэй та надаар хэлүүлэлтгүй танил болсон байх.
-Та яагаад гар утас барьдаггүй юм бэ?
-Гар утас хүнд нэг их гай болоод байдаггүй байлгүй дээ. Гэхдээ гар утас гээч нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон энэ зүйлийг хоёр гурав байтугай 4-5-ыг барьдаг хүмүүсийг би мэднэ. Гэвч тэднийг шүүмжлэх гэж байгаа юм биш. Зүгээр л хэрэглээ нь тийм байдаг юм байлгүй. Миний хувьд гар утасгүй болоод л байна.
-Өнөө цаг утасгүй хүнийг олж уулзана гэдэг амаргүй даваа байна шүү?
-Би ч нэг их сүйд болоод амьтан хүн эрэн сурвалжлаад байх тийм хүн биш шүү дээ. Өдөр ажил дээрээ байхдаа гэр рүүгээ, дараа нь ээжрүүгээ нэг ярина. Тэгээд л болоо шүү дээ.
-Яагаад. Би таны амттай, онгодтой яриаг сонсох гэж уйгагүй хөөцөлдсөн. Гэтэл миний хөдөлмөрийг ганцхан өгүүлбэрээр үгүйсгэлээ?
-Тийм ээ. Би таныг үгүйсгэж байна. Яагаад гэвэл та намайг хаана ажиллаж, хаана амьдардгийг мэдэх цөөхөн хүний нэг. Тэгээд би танд гүйцэгдэхгүй байгаагаа бодвол ажил амьдрал гээд завгүй байгаа юм байлгүй.
-Та ганцхан ажил амьдралтай нь биш шүү дээ. Яруу найрагчтай ярилцах яртай модоор цохиулснаас хэцүү юм аа?
-Би яртай мод биш. Шүтэж биширдэг зүйлтэй, өөрийгөө зөөлөн талдаа хүн гэж боддог. Гэхдээ та ажлаа их сайн хийж байгаа юм байна. Сэтгүүлч хүний ажил гэдэг хэрэгтэй хүний амнаас зөв үг унагаах зүйл гэж боддог шүү дээ. Гэхдээ байна шүү би өөрийгөө буруу гэж хэлэхгүй ч бас бусдын өмнө гарсан зөв хүн гэж хэлэхгүй. Өршөөгөөрэй.
-Та шүтэх зүйлтэй хүн гэлээ
...Энгэр цээжиндээ олсон шархаа би
Ээжээсээ нууж гэрээсээ гардаг... гэж таны нэг шүлэг байдаг?
-Энэ шүлгийг одоогоос хоёр жилийн өмнө бичиж байжээ. Би уул ус, газар шороондоо сүсэглэхийн зэрэгцээ тэдгээртэй хамтатгаж хайртай хүмүүсээ даатгаж бурханч багштай. Багш маань гэвш лам Денгэлаа гэж төвд газрын их бурханч хүн байдаг. Харамсалтай нь миний багш Монголд алга. Бүдрэхийн цагтаа багшийгаа үгүйлэх л юм. Яруу найргийн хувьд бол монголын өнөө цагийн их Янжинлхам Ш.Дулмаагаас авахуулаад аргадаж алгадсан олон буянтай хүн байна. Гэвч дээр хөхрөгч тэнгэр ивээх байлгүй дээ.
-Та гудамжаар алхаж яваа л харагддаг. Нэрийг ч мэдэхгүй том том машины тоосонд дарагдан алхах тэр мөчид юу бодогддог вэ?
-Ганцхан бидний амьдарч байгаа үе ийм биш. Дандаа л ийм байсан. Харин тэдгээр том том машин унасан хүмүүсийг надаас илүү зовлонтой амьдарч байна гэж боддог шүү.
-Яагаад. Атаархаад байна гэж үү?
-Үгүй дээ. Та том эндүүрлээ. Би амьдралдаа сэтгэл хангалуун явна. Зүгээр ажлаа хийгээд цалингаа аваад эхнэр хүүхдүүдээ баярлуулаад явж байна. Надад одоохондоо номын дэлгүүрт харсан шинэ соргог номыг уншихсан гэхээс өөр шунал алга.
-Та нэг хэсэг үнэхээр шуугиулж чадсан. Одоо тэр чимээ арай л намсчихаа юу даа?
-Тийм гэж үү. /инээв/.
-Тийм ээ?
-Яахав би бичсэн зүйлүүдээ олны өмнө уншсан. Түүнийг минь тодорхой хэмжээгээр үнэлж хүлээж авсан уншигчдадаа баярлалаа.
-Та хань ижилтэй болоод удаагүй байна. Ханьгүй байсан Цэнд-Аюуш, ханьтай Цэнд-Аюушийн хооронд ялгаа бий юу?
-Ханьгүй байсан бол Цэнд-Аюуш өнөөдөр хаачих байсан бол доо мэдэхгүй. Ханьтай болсон Цэнд-Аюуш өнөөдөр таны өмнө цамцных зах хиргүй, өмднийх нь индүүдлэг хурц, үс нь өнгөлөг, гэртээ харихад алгаа тосох үртэй байна даа. Орчлонгийн мянган нугачаан дундаас намайгаа олсон ижил хань минь чамдаа баярлалаа.
-Та “Болор цом -26” наадмын дараахан “Өнөөдөр” сонинд “Намайг дагаад хөдөө амьдрах бүсгүй олдох байлгүй дээ, гэж ярьсан байсан. Хөдөө явах гэж байна уу?
-Унасан газар, угаасан усандаа ижил ханиа дагуулаад үрсээ үүрч тэврээд очих цаг ойрхон байна даа. Уул усаа их л санаж байна.
-Таны анхны “Манан дундуур” яруу найргийн түүвэрт олон хүн ам сайтай байдаг. Дараагийн ном нь “дуншиж” л байна уу?
-Би бичиж л байна. Өнгөрсөн хугацаанд бичсэн хэдэн бор шүлгээ цуглуулсан чинь аль хэдийнэ нэг ном болчихоор болсон байна лээ. Өнөөдрийн нийгэмд чинь ном хэвлүүлнэ санааны ажил биш шүү дээ. Номыг минь сэтгэлийнхээ гэгээн тунгалагаар ивээн тэтгэж уншигчдад хүргэх тэр буянт хүнийг би хайгаагүй хэрнээ битүүхэн хүлээгээд л байх юм даа/инээв/.
-Та ямар нэгэн өндөр албан тушаалд очихыг амжилт гэж боддог уу?
-Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ. Би зуурдын юмыг амжилт гэж боддоггүй. Албан тушаал гэдэг бол буусныхаа дараа хэн ч биш болж хувирдаг зүйл шүү дээ. . Амжилт гэдэг бол бусдын сайн сайхны төлөө хийсэн хийгээд түүний үр шимийг нь үзсэн зүйл л гэж боддог.
-Боломжтой бол хамгийн сүүлд бичсэн шүлгээ уншаач?
-Уучлаарай, надад одоохондоо алга. Гэхдээ “миний нөхөр бол миний нөхөр биш байж, миний дайсан бол миний дайсан биш байж гэсэн утгатай гунигийн шүлэг л бичсэн.
-Яруу найрагч хүн зөнтэй байна. Тиймээс би бараан зүйлээс татгалздаг гэж та ярьж байсан. Гэтэл яагаад гуниглав?
-Магадгүй гуниг ухааралгүй бол яруу найраг цаашлаад хүн төрөлхтөн оршин тогтнохгүй биз дээ.
-Та анх надтай уулзахдаа л хаан найргийн хатан эх Ш.Дулмаа багштайгаа уулзах гээд их яарч байна гэсэн.Яагаад?
-Зүгээр л ойрдоо сэтгэл санаа минь жаахан тогтворгүй санагдаад байгаа. Тийм болохоор багшдаа очиж нэг үнсүүлье дээ.
-Уучлаарай, яагаад сэтгэл санаа тань тогтворгүй болчихов?
-Хавар болоод тэр юм байлгүй дээ. Надад хавар гунигийн улирал юм шиг санагдаад байдаг. Тэгээд л тэр юм байлгүй.
-Яруу найрагчдыг хэн ч биш гэж боддог хүмүүс байдаг юм билээ. Та энэ тухайд бодлоо хэлээч?
-Юуны өмнө та яруу найрагчдыг хэн ч биш гэж бодохынхоо өмнө өөрийгөө хэн билээ гэж бодоод үзээрэй гэж л хэлмээр байна. Хэрэв үнэхээр тийм бодолтой хүмүүс байдаг бол...
-Үгээр урладаг найрагч залуу маань уран зурагт муугүй байх аа?
-Сайнгүй ээ. Юу ч хамаагүй сараачаад суухад хүний бухимдал тайлагдаж сэтгэл амардаг юм гэсэн. Би энэ үгэнд итгэдэг.
-Ямар нэгэн албан тушаал, хэргэм зэрэг бодсондоо хэлээгүй юм шүү. Гэхдээ л таныг ирээдүйг их юм дуулгана найдаж сууна?
-Таны ерөөлөөр болог. Зорьж яваа зам минь бусдын өмнө буруугүй. Бурханд ч хийсэн гэмгүй болохоор уул ус, газар шороо, мөнх тэнгэр минь ивээх биз ээ.
-Тэгэхээр та бичгийн хүн болсондоо хэзээ ч харамсахгүй байх нь ээ?
-Та зөв хэллээ.
Б.Анхцэцэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment