Sunday, April 17, 2011

Б.Шүүдэрцэцэг: Би хүмүүсийн хайран дунд амьдарч байгаагаа мэдэрдэг


Таны ярилцлагыг Б.Тогтохбаяр зохиолчтой хийсэн ярилцлага гэж бичих үү, аль эсвэл Б.Шүүдэрцэцэг зохиолчийн ярилцлага гэх ёстой юу гэдэгт та хариулт өгөхгүй юү?
-Хүмүүс намайг Тогтохбаяр гэж бараг мэдэхгүй дээ. Өөрийг тань ч Б.Шүүдэрцэцэг гэдгээр минь ярилцлага авах гэж байгаа болов уу гэж бодож байна.

- Хүлээн зөвшөөрч байна. Анх таныг 2002 онд “Шар” сонинд Б.Шүүдэрцэцэг нэрээр зохиол бичиж байсныг санаж байна. Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн байх. Тийм үү. Гадаад төрхийн хувьд гэхэд л тэр үеийнхээсээ бүр ч залуу харагдаж байна шүү дээ?
- Цаг хугацаа өнгөрөөгүй юм шиг байна уу.

- Тэгж хэлж болох л юм?
- Би биологийн хөгшрөл¬тийн эсрэг янз бүрийн зүйл хэрэглээгүй. Харин хүнд өөрий¬гөө олох үе ирдэг гэдэг шиг имижээ олсон байж болох юм. Түүнээс бус хумсыг эс тооцвол надад хиймэл зүйл ганц ч байхгүй. Би маш их прагматик хүн учраас аливаа зүйлийн агуулгыг шүтдэг. Тэгээд ч би монгол хүн. Монгол хүний ерөнхий шинжийг арилгаж, өөрийгөө өөрчлөөд байх шаардлага надад огт байхгүй.

- Та тухайн үед өөрийгөө нууцалдаг байсан. Олны өмнө ил гарах болсон шалтгааныг та хэдийд олж харсан бэ?
- Анх зохиол бичиж эхлэх үед бид хоёр танилцаж байсан шүү дээ.

- Тийм ээ. Би ч бараг таныг бичээд байгааг анзаардаггүй байсан. Одоо бодоход шүү дээ?
- Би тэгж л нуухыг хүссэн учраас нуудаг байсан. Цаашаа юу болохыг хэн ч мэддэггүй. Үүнтэй л адил зүйл надад тохиолдсон. Хэн ч мэдэхгүй Шүүдэрцэцэг гэдэг хүний зохиолыг тийм олон хүн уншина гэж би төсөөлж байгаагүй. Зөвхөн “Шар” сонины уншигчдад зориулж л бичиж байсан. Дараа нь уншигчид “Ном болгооч” гэдэг хүсэлт тавьж эхэлсэн. Би хүслийг нь биелүүлсэн. Бүх зүйл надад захирагдаагүй. Гурван жил гаруйн хугацаанд нууцалж байгаад өөрийгөө ил болгосон. Нэгэнт зохиол бичсэн учраас зохиогчийн эрхээ хамгаалахын тулд “Шүүдэрцэцэг гэдэг чинь би юм аа” гэж хэлэх хэрэгтэй болдог юм билээ.

- Та 2002 оны тэр үеийнхээсээ ч залуу харагдах болсноо хүлээн зөвшөөрнө биз дээ?
- “Шүүдэрцэцэг гэдэг чинь би байна” гэж зарлахтай зэрэгцээд л өөрийнхөө гадаад төрхөнд анхаарал хандуулж эхэлсэн. Өнөөдөр өөрийн үсчин, оёдолчин, гоо сайханчтай болсон.

- Зохиолчид нийтлэг дүр төрх, гүн ухааны гэмээр “маяг”-аараа ижилсэх нь бий. Таныг тэдний дунд арай онцгой харагддаг гэдгийг анзаараагүй үлдсэн хүн цөөхөн болов уу?
- Би бусдад гоё харагдах гэж асуудалд ханддаггүй. Тэгээд ч дотоод мөн чанараараа бол харин ч их эрэгтэйлэг хүн. Зарим хүнд их гоё харагдаад, нэг хэсэгт нь хэт их гадаад төрхдөө анхаардаг хүн шиг харагддаг байж магадгүй. Ямар ч байсан миний дотоод мөн чанар хэвээрээ байгаа. Зохиолчдын тухайд манайд л нийтлэг нэг дүр төрхтэй харагддаг болохоос бус гадаад оронд бол өөр байдаг. Манай С.Удвал гуайн хувьд гэхэд л гайхалтай сайхан эмэгтэй байсан. Тэгээд ч би зохиолчдыг гаднаас нь уйтгартай харагдах хэрэггүй гэж боддог. Бид оюуны талбарт ажиллаж байгаа хүмүүс. Биднийг харж үлгэр авах залуу охид олон бий. Надад гэхэд “Таныг үлгэрлэн дуурайдаг” гэж хэлэх охин олон байдаг. Иймд оюуны салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаагийнхаа хувьд маш олон залууг энэ чиглэлээр ажиллаж, шударгаар амьдралын сайн сайхнаа бүтээх зам руу татахдаа би өөрийгөө сайн үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсдэг.

- Охидууд загвар өмсөгч, дуучин бүсгүйчүүдийг харж үлгэр дуурайл авах нь бий. “Би яг энэ эгч шиг гоё бүсгүй болно” гээд л?
- Би заавал загвар өмсөгч, дуучин хүмүүс л гоё байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүсдэг. Яагаад эмэгтэй хүн ухаантай байсныхаа төлөө өөрийгөө муухай харагдуулах ёстой юм бэ. Гоо зүйн тодорхойлолтоор бол гадаад, дотоод гоо сайхан буюу хэлбэр, агуулга хоёрын нэгдлийг хэлнэ гэсэн байдаг. Ажил хийдэггүй хэрнээ өдөр бүр гоо сайханд орж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, өөрийгөө засварлаж явдаг эмэгтэйг залуу охид юуны төлөө дуурайх юм бэ. Тэднийг ямар мөнгөөр өөрсдийгөө гангалж байна гэж бодоод үлгэр жишээ авах вэ. Би тийм үлгэр дуурайлалд дургүй. Тийм хүмүүс охидод үлгэр жишээ болох бий гэж айдаг. Надад үнэхээр тэр бүхэн утгагүй санагддаг. Ямар ч эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө, амьдралын эзэн байх ёстой. Цаг ямагт нөхрөө хараад, хүлээгээд суудаг обьект байх ёсгүй гэж боддог. Би бүх амьдралынхаа туршид субьект байж ирсэн. Би гурван охинтой. Тэднийхээ сайн сайхан үлгэр дуурайлал нь байх үүрэгтэй хүн. Тэднийг дагаад олон мянган уншигч байна. Тэдний өмнө би үүрэг хүлээх ёстой.

- Та Эрхүүгийн их сургуульд сурч байсан байх аа?
- Тийм ээ. Охиноо гаргах гэж Монголд ирээд буцаж яваагүй. Би тэр үед охиноо орхиж явж чадаагүй. Ээж дээрээ орхиод явж болох байсан ч өөрөө өсгөхийг хүссэн. Ээж, аав ч гэсэн охиноо өөрөөсөө хол өсгөнө гэхээр төсөөлж чадахгүй байсан. Би энэ шийдвэрээ өөрийнхөө амьдралд гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэдэгт өнөөдөр ч итгэлтэй байдаг.

- Таны нөхрийг сэтгүүлч, пиарч Д.Болдхуяг гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Мэдэхгүй нь мэддэггүй болов уу. Мэддэг хүмүүсийн хувьд “Пиарыг нь Д.Болдхуяг хийж байгаа учраас ийм амжилттай явж байгаа” гэж хэлж болох юм?
- Анх зохиол бичиж, сонинд хэвлүүлэх үед нууц нэр хайж байхдаа л бид хоёр зөвлөлдсөн. Тэр үеэс хойш дахиж зөвлөгөө өгөөгүй. Намайг мэддэг болохоороо “Чи угаасаа өөрөө л бүхнийг бүтээхийн төлөө зүтгэдэг хор шартай хүн учраас би юм хэлэхгүй” гэдэг юм. Заримдаа ганц нэг зөвлөгөө хэлэхээр нь би хүлээж авдаггүй. Би чинь айхтар зөрүүд хүн шүү дээ. “Хань минь тэгж хэлж байна” гэж бодохоос илүүтэй “Би өөрөө ингэж хүсч байгаа учраас” гээд л зүтгэчихнэ шүү дээ.

- Та “Миний ертөнц” номондоо 1991 онд хуримаа хийсэн тухайгаа бичсэн байсан. Тэр үеэс хойш 20 жил өнгөрчихөж. 20 жилийнхээ ойг нууцхан ч болов тэмдэглэсэн үү?
- Хоёулхнаа тэмдэглэсэн. Би 40 хүрээд удаагүй байсан. Уг нь олон хүн уриад илүү өргөн хүрээнд тэмдэглэж болох байсан. Гэхдээ хоорондоо ярилцаад “Энэ 20 жилийн амьдрал бид хоёрын л амьдрал юм чинь хоёулхнаа л тэмдэглэе” гэж ярилцаад нэг оройжин ярилцаж суусан.

- Юун тухай вэ. Алдаа, оноо, аз жаргалтай мөчүүд гээд л дурсамж дуусашгүй санагдсан гэдэгт итгэж байна?
- Гэр бүлээрээ цаг ямагт хамт байсан ч гэсэн тогтож ярилцаагүй олон зүйл үлдсэн байдаг юм билээ. Их л гоё ярилцаж, баярласан даа. Бид хоёр чинь 20 настай, бараг хүүхдээрээ байхдаа суусан болоод ч тэрүү олон асуудал байдаг байсан. Тэр бүхнийг шийдээд, даваад гараад ирсэндээ бахархсан.

- Тэр бүхнээс тань залуу гэр бүлд тулгамддаг асуудлын талаар тодруулмаар байна. Та сая уншигчиддаа сайн сайхан үлгэр жишээ байхыг хүсдэг тухайгаа хэлсэн болохоор энэ асуултын хариулт залуу охидод нэгийг бодогдуулж болох юм?
- Анх бид хоёр хадам аавынхаа гурван өрөө байрны хамгийн жижигхэн өрөөнд гэр бүл болж, дөрвөн жил хамт амьдарсан. Ямар ч сайн хадам, хичнээн сайн бэр байлаа гээд хадмын хаяанд амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш байдаг. Дөрвөн жилийн дараа дөрвөн настай охиноо дагуулаад нүүхэд бид хоёрт зурагт ч байгаагүй. Хадмынхаасаа тусдаа гарч, Бөхийн өргөөний ард айлын хажуу өрөө хөлслөхдөө тэр айлын плиткаг ашигладаг байсан. Манай охидууд хор шартай болоод ч тэрүү гэрийн эзний хүүхдийг зодно. Яаж ч бодсон гэрийн эзний хүүхдийг зодно гэдэг амар зүйл биш. Хэд, хэдэн хажуу өрөө хөлсөлж байж охиноо зургаан нас хүрэхэд өөрийн гэсэн байртай болсон. Бид хоёр амьдралынхаа төлөө өдөр бүр тэмцэж байж л энэ амьдралыг босгосон. Өөрсдийнхөө хүчээр бүтээсэн учраас 20 жилийн дараа эргээд харахад сайхан байсан. Маш их бахархалтай санагдсан.

- Маш олон бэр асуудал гарах бүрт л хадам ээжийгээ маргааны төвд авчирдаг. Хадам ээжүүд ч гэмгүй байдаггүй бололтой юм билээ?
- Зөрчилдөх тохиолдол олон л гарна. Гэхдээ би багаасаа асуудлын голыг олохыг чухалчилдаг байсан учраас бэрхшээлийг хүндрүүлэхгүйг эрмэлздэг байсан. Тэгээд ч би хүүхдээ харахын хажуугаар сургуульд сурч, ажил хийж, хичээлээ хийдэг байсан. Хадмууд ажил хийдэг бэрд бас муу байж чадахгүй шүү дээ. Тийм болоод ч тэрүү хурдан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Манай хадмууд ч тийм муу хүмүүс биш л дээ. Хүн ер нь бусдыг өөртөө яаж хандахыг өөрөө тодорхойлдог гэж боддог. Өөрөө ноён нуруугаа алдахгүй, өөрийгөө ойлгуулдаг байх ёстой юм шиг байна лээ. Ямар ч тохиолдолд айлын нялх охин гэрт нь орж ирээд, өөрийнхөөрөө байх гээд эхэлбэл олон арван жилийн турш өөрийн хэв маягаараа амьдралаа зохицуулж ирсэн эх хүний хувьд амар биш байх нь ойлгомжтой. Би охид, бүсгүйчүүдийг үүнийг ойлгох хэрэгтэй гэж боддог.

- Одоо бол та нэр хүндтэй бэр үү?
- Нэр хүндтэй бэр. Намайг хүү нь очихоор яаж угтдаг тэгж л угтдаг. Хэзээ ч гэрт нь очиход хоол хийлгэдэггүй. Миний өнөөдрийн хийж бүтээж буй бүхнийг минь хүндэтгэдэг. Төрүүлсэн аав, ээжийн хүндлэл, хайраас дутахгүйгээр намайг хүндэлдэг.

- Д.Болдхуяг ахыг 2002 онд сити таксинд явдаг шар машин авч, ногооноор будаад унаж байсныг санаж байна. Тэр машин та хоёрын анхны машин байсан уу?
- Тийм ээ. Манай бага охин мэндлэхэд бид хоёр тэр машиныг авч байсан. Бидний анхны машин. Бүхнийг тэгж л нь эхэлсэн. Тэр нь маш их амттай байдаг юм билээ. Би бага байхдаа бусад охидын адил гоёж гоодоод, диско хэсдэггүй байсан. Өнөөдөр харин хүссэн бүхнээ авч, өмсч, эдэлж, хэрэглэж байна. Хүн ер нь бүх зүйлийг анхнаас нь өөрийн болгох гэж зүтгэх хэрэггүй гэж боддог.

- Эмэгтэйчүүд өнөөдөр л энэ хувцсыг, цүнхийг авахгүй бол бүх амьдрал нь зогсчих юм шиг санах нь бий?
- Сэтгэл санаагаар унаад л, бөөн уйтгар гуниг болдог хүмүүсийг би бас мэднэ ээ. Хүн зөв амьдраад, хүссэн зорилгодоо хүрч чадвал тэр бүхэн чинь нэг, хоёроороо бус хүссэн хэмжээгээр нь ирдэг гэдгийг би өөрийнхөө амьдралаас харж байна. Үүндээ баяртай байдаг.

- Та шууд утгаар нь ”Сонголт миний талд эргэсэн” гэж хэлж байна уу?
- Тийм ээ. Үнэн нь л тэр.

- Таны дэргэд туслах, жолооч, менежер гэсэн гурван хүн ажиллаж байна. Зохиолч эмэгтэйчүүдийн хувьд энэ бүхэн “илүүрхэл” биш үү?
- Янз бүрийн дүр бүтээх гэсэндээ энэ хүмүүсийг ажилд аваагүй. Миний ажил дийлдэхээ больчихоод байна. Дотоод ажлыг хийх туслах, гадаад ажлыг зохицуулдаг менежер, жолооч зайлшгүй хэрэгтэй болсон. Энэ хүмүүс байхгүй бол би зохиолоо бичиж амжихгүй болчихно. Гэртээ шал угаагаад суугаад байвал бүр ч бүтэхгүй. Монголд энэ байдал одоохондоо онцгүй санагдаж байж магадгүй. Дэлхийн зохиолчид бүгд л туслахтай байдаг юм билээ.

- Та өөрийгөө Монголын утга зохиолд үүрэг гүйцэтгэж байна гэж боддог уу?
- Энэ талаар дүгнэлт хийж байгаагүй юм байна. Би шинэ зүйл бичээгүй. Дэлхийн утга зохиолын бүхий л урсгал уншигчдад хүрчихсэн. Номыг буруу талаас нь харуулж бичихгүй юм бол энд шинэчлэл хийх боломж байхгүй. Харин монгол хэл соёлоо авч явахад өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж боддог. Тэгэх үүрэг ч надад бий. Ерөнхийдөө монгол хэлээр гарч буй зохиол, бүтээл шинэ байхад, уншигчидтай болоход нь өөрийнхөө хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. Монголд борлуулалтаараа нэг номерт байна гэдэг хэцүү. Орчуулгын зохиолууд маш сайн борлогддог.

- Олон зохиолчийн хувьд нэг “брэнд” гэмээр үг байдаг. Тэр нь “Би цаг үеэсээ төрүүлж төрсөн хүн. Миний зохиолыг намайг үхсэний дараа ойлгоно. Цаг хугацаа хэрэгтэй. Зохиолч хүн цаг хугацаанаасаа түрүүлж сэтгэх ёстой” гэх үгс. Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?
- Мэдэхгүй ээ. Би тэгж хэлдэггүй. Надад миний зохиолыг ойлгож байгаа нь л чухал. Одоо харин гаднаас “Зохиолоо орчуулж ирүүлнэ үү” гэсэн хүсэлт олноор ирэх болсон. Тийшээ номоо гаргах бодолтой байгаа. Гэхдээ тэнд борлуулалтаар тэргүүлнэ энэ тэр гэж ярих хэрэггүй болов уу.

- Монголын зах зээл хэтэрхий бага байгаа нь номоос ашиг олох боломж олгодоггүй гэсэн яриа бас байдаг?
- Хүн ам бага байгаа нь харамсалтай хэрэг. Гэхдээ би голохгүй. Зүгээр сонирхуулаад хэлэхэд миний “Ану хатан” романы борлуулалтыг Оросын хамгийн олон хувь зарагдсан номын худалдаатай харьцуулаад үзэхэд 500 мянгаас сая номын борлуулалт хийчихсэн юм билээ. Би Монголдоо төрсөн учраас байгаа нөхцөл байдалдаа л тохируулж бодохыг чухалчилдаг. Ямар өндөр хамартай, шар үстэй Мерлин Морло болж төрсөнгүй гээд гомдоод уйлаад байлтай биш дээ.

- Та орчин цагийн залуусын сонголт, амьдралын хэв маягийг зохиолдоо ашигладаг байсан. Гэнэт тэр бүхнээсээ татгалзаж түүхэн роман бичих болсон шалтгаан нь юу вэ?
- Хүн хөгжих ёстой байх аа. Тэр хөгжил намайг “Ану хатан” романыг бичихэд түлхүүрдсэн байж магадгүй. Энэ романаас өмнө нь бага, багаар роман бичих дадлага хийсэн.

- Хэр удаан судалсан бэ?
- Жил гаруй судалсан. Олон ч эрдэмтэн, судлаачидтай уулзаж, олон ч ном бүтээл уншсан. Амар бүтсэн бүтээл биш ээ. Би Б.Ринчен гуайн ”Галдан бошигт” романыг уншчихаад багаасаа Ану хатнаар бахархдаг байсан. Ер нь надад эрчүүдтэй тэдний дүрмээр өрсөлдөж, ялалт байгуулсан эмэгтэйчүүд маш их бахархууштай санагддаг.

- Орчин үеийн уншигчид “Роман уншина гэхээс халшраад байна” гэж хэлэх нь бий. Тэд бас “Зохиолч нь яаж ийм урт ном бичдэг байна аа” гэдэг. Таны хувьд халшрах үе байсан уу?
- Зарим үед халширч, барьж авахаас зугатах тохиолдол байсан. Романыг онгодоор бичнэ гэж байхгүй. Яруу найргийг л онгодоор бичдэг байх. Уншигчдын хувьд зарим нь тийм бодолтой байдаг нь үнэн. Харин миний уншигчдын хувьд том номонд илүү дуртай. Өгүүллэгийн ном туужаасаа удаан зарагддаг. Роман нь туужаасаа хурдан зарагдсан. Миний “Ану хатан” роман өмнө нь гаргаж байсан бүх номын минь борлуулалтыг эвдсэн. Би уншигчаа их сайн бэлдсэн гэдгээ сүүлийн үед улам бүр мэдрэх болсон шүү. Өөрийгөө хүмүүсийн хайранд амьдарч байгаагаа ч цаг ямагт мэдэрч байгаа.

- Та итгэлтэй байна уу?
- Тийм ээ. Олон эмэгтэй надтай уулзаад “Таны ярилцлагыг уншаад би жигүүртэй мэт болсон” гэж байсан. Эрчүүд ч шууд нэвтрүүлгийн үеэр бахархаж, баярлаж байгаагаа хэлдэг. Сая “Ану хатан” жүжгийнхээ клипийг Төв аймагт хийхэд хоёр малчин надад “Та Шүүдэрцэцэг зохиолч уу” гээд таван сайхан хурдан морио бидэнд үнэ төлбөргүй хэрэглүүлж байсан. Ховд аймгийн Төв номын сангийн уншигчидтай видео уулзалт хийхэд “Та заавал манай нутагт ирээрэй” гэж урьсан. Би алхам тутамдаа л намайг гэсэн хүмүүсийн сайхан сэтгэлийг, хайрыг мэдэрч байгаадаа баяртай байдаг.

- “Ану хатан” жүжиг хэзээ нээлтээ хийх вэ?
- Энэ сарын 8-нд нээлтээ хийнэ. Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байгаа. Анх манай Ц.Баясгалан манай найз жүжигчин Ц.Эрдэнэцэцэгээр дамжуулж энэ зохиолыг “Жүжиг болгомоор байна” гэдэг саналыг тавьж байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа дахиж утасдаад “Баатар найруулагч бид хоёртой уулзаадхаач” гэсэн. Би тэр хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

- Жүжигт зориулж романдаа өөрчлөлт оруулсан уу?
- Жүжгийн зохиол арай өөр байдаг юм билээ. Тийм болохоор найруулагчийнхаа шаардлагаар өөрчлөлт оруулсан. “Ану хатан” жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар ажиллаж байгаа.

- Надад гол дүрийн жүжигчдийн сонголт их таалагдсан. Яг театрынхаа урлагт үнэнч байж, жүжигчнийхээ үнэ цэнийг өргөж чаддаг жүжигчид тоглох нь гэж баярласан?
- Найруулагч маань сонгосон. Надад ч маш их таалагдсан. Би 100 хувь сэтгэл хангалуун байгаа. Манай Ц.Баясгалан, Ц.Цэрэнболд хоёр үнэхээр өөрийн тань хэлснээр нууцлаг, үнэ цэнэтэй жүжигчид. Би энэ Ану хатны дүрд тайчдаг жүжигчдийг анхнаасаа тоглуулахгүй байсан. Тэд тайчигчаар л харагдана шүү дээ. Сөргөөр танигдаагүй учраас Ану хатанд их сайхан тохирч байгаа.

- Шинэ номын нээлт болоход их баярлаж, догдолдог байх. Жүжгийн нээлт ойртоход ч бас адилхан байна уу?
- Харин ч догдолж, баярлах бус их түгшиж байна. Би зөвхөн жүжгийн зохиолч бус продьюсерээр ажиллаж байгаа. Манай жүжгийн тайз их өвөрмөц болж байгаа. Гэр, авдар нь салдаг гээд л дор бүрнээ нарийн хийц ихтэй болохоор “Нээлтийн үеэр яадаг бол” гэж айдаг юм байна.

- Клип нь их сүртэй болж байгаа гэж сонссон. Бусад жүжгийн клип бөөн цус, зодоон, хүчирхийлэлтэй байдаг. Тэр бүхнийг хараад таашаах нэгэн байхад над шиг хүмүүс шууд төвөгшөөдөг. Маш бүдүүлэг сэтгэгдэл төрүүлдэг учраас “Үзэх хэрэггүй” гэсэн бодол төрчихдөг юм?
- Би ч тэр хүчирхийлэл дүрсэлсэн клипт дургүй. Эмэгтэйчүүдийг хөнгөмсөгөөр үзүүлэх сонирхолтой байдаг нь эвгүй санагддаг. Миний жүжиг түүхэн жүжгүүд дотроо клиптэй хоёрхон жүжгийн нэг болж байгаа. “Таванбогд” групп ивээн тэтгэсэн. Манай найз Алтантуяа хоёрхон хоногийн дотор клипний найруулагчаар ажиллаж их сайхан бүтээл хийж өгсөнд баяртай байгаа.

- Цаашлаад кино хийх бодол байна уу?
- Гавъяат жүжигчин Г.Равдан ах маань миний романы нээлтийн үеэр “Дамчаа агсан Ану хатнаар кино хийнэ гэж мөрөөддөг байсан. Мөрөөдлийг нь биелүүлээрэй” гэж хэлж байсан. Тэр үед тохироо нь бүрдвэл кино болгочих юмсан гэдэг бодол төрж байсан. Жүжгийн маань Очирцэцэн хааны дүрд тоглож байгаа Ардын жүжигчин Ж.Мягмарнаран ах клипний зураг авалтын үеэр “Дэлгэцийн бүтээл болгож, ахыгаа нэг Очирцэцэн хааны дүрээр дэлгэцэд үлдээгээрэй” гэж хэлж байсан.

- Би ч бас танд кино хийхийг ерөөе?
- Баярлалаа.

- Жүжигчид түүхэн жүжигт дүр бүтээхээр омогшиж байна уу. Та тэдний омогшлыг мэдэрсэн үү?
- Тийм ээ. Тэд маш их баяртай байгаа. Тэр тусмаа эр нь ханачихсан залуу жүжигчдийн хувьд их талархалтай хандаж байсан.

- Ярилцлагын төгсгөлд “Ану хатан” жүжгийн нээлтэд амжилт хүсье. Олон, залуу зохиолчийг бүтээлч хөдөлмөрт уруу татаасай гэж хүсч байна?
- Баярлалаа. Дашрамд нь “Ану хатан” жүжгийг ивээн тэтгэсэн “Таванбогд” групп, “Хүрд” компани, “Улаанбаатар барилга” компани, “Гандирс”, “Сэлэнгэ пресс”, “Монгол костюмс” зэрэг ивээн тэтгэгчдэдээ баярласан, талархсанаа илэрхийлье.

No comments:

Post a Comment