Sunday, April 17, 2011

Би баян хүн мөн үү ?

Манай өвөө одон оронч хүн байсан юм. Тэгээд нэг өдөр Ангараг гаригийг дурандаад сууж байсан чинь түүн дээр маш том цул алтан уул байхыг олж харсан юм гэнэ лээ. Том уул л даа, ер нь бол дэлхий дээрээс дурандахад харагдаад байгааг бодоход их л том уул, Богд уулаас 100 дахин том юм шиг байна лээ.

Өвөө маань энэ нууцаа хэнд ч хэлэлгүй олон жил болсон юм гэдэг. Олон улсын хуулиар бол өвөө маань тэр алтны эзэн юм байна. Тэгээд нэг өдөр өвөө маань тэр уулаа хаана байгааг заасан Ангараг гаригийн зургийг надад өгөөд, тэр их алтаа бүгдийг нь гэрээслэн үлдээж билээ. Ингээд би энэ дэлхийн төдийгүй, нарны системийн хамгийн баян хүн болсон юмдаг.

Харин би нэг л асуудалтай тулгараад, одоохондоо ёстой жинхэнэ баян хүн шиг амьдарч болдоггүй ээ.

Алтаа авах гэсэн чинь тийшээгээ нисээд очиж чаддаггүй. 99% -ийг нь аваарай гэсэн ч Ангараг руу нисэх тухай ямар ч улс орон, тэр бүү хэл, АНУ, Орос, Хятадын аль нь ч ойрын 50 жилдээ бодох ч үгүй байгаа сурагтай.

Аргаа бараад банкуудаар явж, алтаа барьцаалж зээл авах гэсэн боловч ямар ч банк түүнийг минь ердөө ганц мянган төгрөгийн баталгаанд ч тооцож авдаггүй.

Одоо яах вэ … гээд хааяа дурандчихаад л сууж байна даа. Алтан уул маань уг нь байрандаа байж л байх юм … Асар том алт. Асар их баялаг. Би … ийм их алттай байж ингээд л ядуу хэвээрээ яваад байдаг … Яагаад ?

Би ер нь баян хүн мөн үү ?

Сонин хэвлэлээс би байнга унших юм. Монголчууд бид хөрсөн доороо асар их баялагтай гэж. Ер нь бол бид алтан дээр л сандайлчихаад суугаад байгаа юм байх аа. Харин нэг гэм нь тэр бүх алт маань Алтай, Хангайн нурууны доор, 5 км гүнд тарчихсан байгаа гэх юм. Ухаад авья гэхлээр яг хаана байгааг нь сайн мэдэхгүй, бүх уул нуруугаа сэндийлж, ус голоо хатааж байж л олно, тэгээд ч Ангараг руу нисэх шиг хүлээж, бас л нөгөө 99% –аа ч төлнө гэх юм.

Бүх монголчууд маань ч надтай адил баян, бас л алтан дээрээ сандайлчихаад авч чадахгүй амьдарч байгаа хүмүүс юм уу ? Тэгээд над шиг бас ядуу …

За 1% ч байсан яахав. Харин бид хэр удаан хүлээх юм бол ? Нас минь хүрэх болов уу ?

Эсвэл би ажил хийж амьдрах тухайгаа бодсон нь дээр юм болов уу ? Та нэг зөвлөөч ...

No comments:

Post a Comment