Saturday, April 16, 2011

Би хэн бэ?



Хүн бүх амьдралынхаа туршид өөрийгөө танихыг хичээдэг. Хэзээ ч давтагдашгүй цорын ганц бодьгал их нууцлагдмал, танигдашгүй хэрнээ санаанд оромгүй үйлдэл, шийдвэрүүд нь гайхал төрүүлэх нь олонтой. Тийм болохоор "би яагаад ингэж шийдчих вэ?", "би яагаад ийм байдалд орчих воо?" гэхчилэн байнга л "яагаад?" гэсэн асуултуудыг өөртөө тавина.
"Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ нас бардаг" гэдэг ёгт хэллэгийг санаж байна. Хэд наслах нь чухал биш, ухаан сууна гэдэг нь өөрийгөө бага ч атугай таньж байгааг хэлсэн болов уу гэж би ойлгодог. Тийм ч учраас "Буурлаас үг сонс", "Ахмадын үг алт " гэхчилэн монголчууд эрт үеэс хэлэлцэж, ахмад хүнийг хүндэлж үг сургаалийг нь сонсож ухаарал авч байхыг хичээнгүйлэн захиж байжээ.
Амьдралыг, бас өөрийгөө таньж мэдсэн буурлууд маань хэнд юу хэлэхээ сайн мэднэ.


Хэлж сургаж зааж зөвлөсөөр атал өөрөөс нь зөрж өөр замаар яван алдаж онох өр хүүхдээ хараад "хүний биейиг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй'' гэж юутай үнэн үг вэ хэмээн гайхширна. Яг л өөрийн үзэж өнгөрүүлсэн амьдралын загвараа "өвлүүлж" үлдээх гэсэн эцэг эхийн оролдлого, өөрийн хүсэл сэтгэлээ дагаж амьдрах гэсэн үр хүүхдүүдийн оролдлоготой зөрчилдөж багагүй зөрчил үүсгэх тохиолдол зөндөө гарна.
Үлгэр дуурайлал
Бидний үзэж өнгөрүүлсэн социализмын үед, амжилт гаргасан нэгэн хэсэг алдартан, авьяастанг улс орон даяар алдаршуулан сурталчилж, тэднийг даган дуурайхыг уриалан албаддаг байж билээ. Тийм их өрнүүн хөдөлгөөний үрээр хаа байсан Увс аймгийн физикийн багш Гомбожавын "асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтын арга"-ыг Дорнод аймгийн нэгэн сургуулийн монгол хэлний багш нэгэн бүсгүй заавал даган дуурайсныхаа төлөө "тэргүүн туршлага эзэмшигчийн гэрчилгээ" гардан авч өрөөнийхөө ханандаа өлгөх хувь заяатай байсан сан. Угтаа Гомбожав багш өөрийн авьяас чадвар, хувь хүмүүжил, итгэл үнэмшил, үзэл бодолдоо тулгуурлан бий болгосон арга юм шүү дээ. Алив зүйлийн уг үндэс санааг иш болгохын оронд, зөвхөн үйлдлийг нь даган дуурайх оролдлого, өөрийн авьяас чадвар, боломжоо нээн олж харахын оронд бусдыг сохроор даган дуурайж, эх орон, энхрий хайрт нам засагтаа таалагддаг "хий үзэгдлийг" бий болгосон юм даа. Ийм "хий үзэгдэл"-ийн нөлөөгөөр монголчууд бидний нэг хэсэг нь бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийдэг болж хувирсан. Энэ "хий үзэгдэл"-ийн ул мөр өнөө хэр арилаагүйгээр барахгүй, итгэлцлийг үгүй болгож, жүжиглэлийг бий болгон хөгжсөөр байгаа нь бидний нүдний өмнө ил харагдсаар.

"Олны жишиг" гэж нийтэд түгээмэл нэгэн хэллэг байдаг. "Амьдрал ямар байна даа?" гэсэн асуултад "Өө яахав, олны жишгээр болж л байна" хэмээн хариулна. Олны жишгийг дагаж, өөрөө хичнээн дургүй байвч, хүүхдийнхээ ангийн хамт олны зугаалганд зориулж талхныхаа мөнгөнөөс багшид нь хураалгана. "Ийм балчирхан хүүхдүүд хонон өнжин ууж идэн зугаацаж болохгүй шүү дээ. Хожим ямар муу үр дагаварт хүргэж болох шүү дээ?" гэж хэлэхийг хүссэн үг нь олны жишигт захирагдан хоолой давж чадалгүй шүлстэй нь хамтад залгигдана. Олны жишиг хичнээн буруу зуршилтай байна, төдий хэмжээгээр хүмүүс буруу зуршилд автан дасах нь бий. Зарим тохиолдолд хэсэг хүмүүс ''олны жишиг"-ийг өөрийн ашиг сонирхолдоо эвтэйхэн ашиглах нь ч бий. "Олны жишиг''-ийн буруу үйлдлээс татгалзан эсэргүүцсэн зарим нэг нь буруутан болж доромжлуулах нь элбэг. Эгээ л цэвэр булгаас ундрах рашаан мэт тунгалаг усыг борооны дараах үерийн шар ус хаман одох адил.
Өнөө ч монголчууд бидний талцан маргалдаж бие биесээ муу муухай үгсээр гутаан доромжилж, хийсэн сайн үйлсийг нь гутаан нулимах үйлдэл нь бусдыг сохроор аялдан дагалдах, олны буруу жишгийг даган баясах "хий үзэгдэл"ээс үүдэлтэй юм даа.

Хүн $ биш болохоор бусдад таалагдах албагүй
Амьдралд ''туйлын үнэн" гэж байдаггүйтэй адил, "төгс төгөлдөр хүн"гэж бас байдаггүй. Хорвоо ертөнцөд өдөр шөнө ээлжилдэгтэй адил амьдралд хар цагаан өнгө ээлжлэн тусдаг. Тийм болохоор "өнөө чи уйлж бусад нь инээж байвч, маргааш чи инээж бусад нь уйлдаг" хорвоогийн тухай манай нэгэн шүлэгч яруу тодоор өгүүлсэн билээ. Хэзээ ч давтагдашгүй гайхамшигт бие хүнд сайн муу чанар, сайхан муухай үзэгдэл хамтдаа л цогцолж байдаг ажээ. Тэр л бие хүн өөртөө байгаа сайн муу чанараас алийг нь илүү мэдэрч хөгжүүлснээс амьдралын алдаа оноо хамаарна. Сайн муу чанартай, сайхан муухай амьдарч байдаг болохоороо л та хүн бүрд таалагдах албагүй. Харин өөртөө таалагдаж байх албатай.
-Алив тохиолдол, амьдралын ээдрээтэй асуудлаар шийдвэр гаргахдаа, өөртөө итгэж, өөрөө шийдвэр гаргаж байх нь танд өөрийгөө таньж хөгжүүлэх өөрийн үнэ цэнээ бий болгоход ихээхэн нэмэр болдог. Бусдыг дуурайж, бусдын амыг дагаж гаргасан шийдвэрийн муу үр дүнг мэдрэхдээ өөртөө бус бусдад гомдох болно. Харин өөрийн бодлоор гаргасан шийдвэрийн муу үр дүнг мэдрэхдээ, зөвхөн өөртөө гомдож , "би өөрөөр яаж шийдэж болох байж вэ?" хэмээн үргэлжлүүлэн бодож эхэлнэ. Ийм олон бодол, бусдын амьдрал, шийдвэрийг анхааран ажиглаж, өөртөө хэрэг болох олон зөв гарцыг олж харах хүслийг төрүүлдэг. Үгүй дээ л ном унших бүрдээ өөртөө хэрэгтэй санааг хайн олж өөртөө шингээхийг хичээнэ. Тийм ч учраас "Өөрийн бодол өөртөө зөв" гэдэг хэллэг гарсан юм.

-"Би үүнийг ингээд хийчихвэл бусад хүмүүст таалагдахгүй болов уу?"хэмээн бусдын амьдралын төлөө биш, өөрийн амьдралын төлөө шийдвэр гаргaхдаа эргэлзэж тээнэглэзнэ. "Би ингээд хэлчихвэл хүмүүс муу хэлэх болов уу?" хэмээн өөрийн бодлоо өөрөөсөө ч өрөөл бусдаас ч нууна. 'Миний алдааг мэдчихээд хүмүүс шоолон доромжлох болов уу?" хэмээн сайн сайхан дүр бүтээн жүжиглэнэ. Хүн энэ хорвоод өөрийнхөөрөө байх эрхтэй. Таны хувийн асуудал болон гаргаж буй шийдвэр тань "төрийн эргэлт" гаргах хэмжээнд болон бусдад "ноцтой хохирол" учруулахаар биш бол хэнд ч хамаагүй. Учир нь үүнийхээ сайн муу үр дагаварыг өөр хэн ч биш зөвхөн та л хүлээж хариуцах учиртай.
-Бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л хүний амьдралын утга учрыг алдагдуулж орхидог. Амьдралд тусгайлан найруулсан "жор" байдаггүй, хүмүүс бие биетэйгээ огт адилгүй учраас хүн бүр алдаа гаргадаг, алдаа гаргaх эрхтэй ч байдаг. Алдаа гаргaсан хүн үүнийхээ төлөө өөрөө л "үйл лай"-гаа үүрэхээс биш бусдад шүүмжлүүлэн доромжлуулж, Прометей шиг цовдлуулах учиргүй. Түүнчлэн бусдын муу тал болон алдааг олж харсныхаа төлөө доромжилж, бусдад сурталчлаад байх хэрэг бүр байхгүй. Харин алдаа бүрээсээ ухаарал авч аль болох бага алдахыг хичээх нь хувь хүний өөрийнх нь хэрэг юм.

Нэгэн сайхан зургийг харж, гайхан биширч , дуу алдан баясаж байхдаа энэ зургийг зурсан зураач "эхнэрээсээ салсан" гэдгийг сонсмогцоо уг зураг руу нулимчихаад явж болдоггүйтэй адил, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч баяр бахадлыг төрүүлсэн олон сайхан бүтээлийн эздийг хувийн алдааных нь төлөө шоолон тохуурхаж бас нулимж боломгүй.
Зөвхөн хэрэгтэй зүйлээ худалдан авахад зориулагдсан $ хэмээх цаас хүн бүрт таалагддаг байхад хэрэгтэй зүйлийг нь бүтээж бий болгодог хүн гэгч бодьгалууд сайн муу чанар алдаа онооныхоо төлөө хүн бүрт таалагдах албагүй. Тийм болохоор магтагдлаа гэж "тэнгэрт нисч" , муулагдлаа гэж "газарт хөрвөөх" хэрэг үгүй ажээ.
Дахин давтагдашгүй гайхамшигт хүн та хар цагаан хосолсон гайхамшигт ертөнцөд алдаа гаргaх эрхтэй бас өөрийнхөө хүсэл чадлаар амьдрах эрхтэй. Харин бага алдаж, их онохын тулд өөрийн "үнэ цэнээ" бий болгож, түүгээрээ дамжуулан бусдад сайхан гэрэл гэгээ, зүрх сэтгэлийн халуун илчийг илгээж байх учиртай.
Хүний үнэ цэнэ
Хүн бүр энэ ертөнцөд ирэхдээ өөр өөрийн авьяасаа авч ирдэг. Зарим нь авьяасаа нээн илрүүлж, хөгжүүлэн гайхамшигийг бүтээж бусдад үнэлэгдэн бахархал болон мөнхөрнө. Авьяасаа олж нээсэн зарим нь алдар хүндийн титмийг дааж чадалгүй, архи магтаалд живж зэврүүлнэ. Амьдралын нугачаанд үүртэн авьяасаа нээж амжилгүй зарим нь өөртэйгээ аваад буцна.
Хүн амьдарх явцдаа өөртөө хэрэгтэй зүйлээ үнэлж, авч ашигладаг. Түүн лугаа адил хүний "үнэ цэнэ" нь хэнд хэрэгтэй байх явдал юм. Хүмүүс чамайг анхааран сонсож, ойлгож бас хүндэлж, чамаас ухаарал авч байгаа бол энэ чиний "үнэ цэнэ". Өөртөө цуглуулж бий болгосон авьяас чадвар, оюун санааны итгэл үнэмшлүүд л чиний үнэ цэнийг бүрдүүлдэг юм даа.
-Ямар ч хүнийг ойлгох өөрийгөө ойлгуулах чадвар хамгаас чухал. Хүнийг ойлгох, болж буй үйлдлийг ойлгоход тухайн нөхцөл байдлыг бодитоор харж мэдрэх чадвар их тус болдог. Хүнийг буруутган муулахаас илүүтэй "энэ хүн ийм байдалд ороход юу нөлөөлөв өө?", "би энэ хүний оронд байсан бол яаж чадах байваа?" гэж өөртөө тавьсан асуултууд зөв хариуг олоход танд тусална. Хүнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл буруугаа эхлээд өөрөөсөө хайдаг зуршил хүнийг амархан тайвшруулж бодит байдлыг мэдрэх боломжийг олгодог.

-Аугаа ууч сэтгэл. Ямар ч хүнийг гаргасан алдааных нь төлөө хогийн саванд хийгээд гаргаад хаяж болдоггүйтэй адил уучлах хэрэгтэй болдог. Аль ч шашны сургаалиудад аугаа ууч сэтгэлийн тухай олонтаа өгүүлсэн байдаг. Алдаа гаргасан хүнийг харааж зүхэх тусам дараах алдаа руу түлхэж, харин уучлал гэмшил рүү хөтөлдөг. Эгээ л чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгэдэгтэй адил.
Өөрийгөө таньж, өөрийн үнэ цэнээ бий болгосон хүмүүс л бусдын сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, ухаарал, баяр баяслыг өгдөг юм. Тиимийн тулд хүмүүс их уншиж, их зүйлийг суралцах хэрэгтэй болдог. Бас их тэвчиж их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
Орчлон дэлхийн гэрэл гэгээ болсон алтан нарны илч хүмүүсийн биейиг дулаацуулж, цацраг нь бүх л зүйлийг өнгөлөг сайхан харагдуулна. Үүнд нь баярлаж талархсан шувууд жиргэж, араатан амьтад ч тааламжтайяа суниаж, ургамал модод цэцэглэн дэлгэрч, далайн давалгаа хүртэл үзэсгэлэнтэйеэ цацран бүжиж, алсын уулс хүртэл сүр жавхлантайяа цэнхэртэнэ. Үүн лугаа адил хүмүүсийн бие биедээ өгч байгаа сэтгэлийн илч, зүрх сэтгэлийг дулаацуулж, уураг тархинд нь аялгуу сайхан хөгжим эгшиглүүлж, бүх судсаар нь баяр баясгалан урсаж, харцаараа хамгийн өнгөлөг сайхан бүхнийг олж харан, хоёр хөл нь өөрийн эрхгүй товшин бүжиглэнэ.
Хүн энэ сайхан хорвоо дээр ирээд буцахдаа, өөрийгөө олж танин өөрийн үнэ цэнээ бий болгож, өөрийн мөрөө үлдээн, бусдын сэтгэл зүрхэнд хадгалагдана гэдэг сайхан хэрэг шүү.

Төгсгөл
Хүний амьдралд сайн муу хосолж, сайхан муухай ээлжилж байвч залуус та нар эхлээд өөрийгөө олж танихыг хичээгээрэй. "Би хэн бэ?", "Би юу хийж чадах вэ?", "Надад ямар боломж байна вэ?" хэмээн ямагт өөрөөсөө асууж хариулт олохыг хичээгээрэй. Үүний тулд их уншиж бусдыг сонсож, олон зүйлийг харьцуулан ажиглаж, өөрт хэрэг болох бүхнээ шингээхийг хичээгээрэй.
Хэзээ ч бусдыг дуурайж, тэдэнд бүү атаархаж бай. Дахин давтагдашгүй бие хүн танд ч бас их боломж, авьяас чадвар бий. Харин та их тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөж, их зүйл сурах хэрэгтэй болноо. Хэзээ ч ямар ч бэрхшээл тохиолдсон өөртөө итгэж, өөрийн итгэл үнэмшил боломжиндоо найд. Гарц заавал олддог юм.
Хүмүүс бид алдаж онож байвч амьдарч байгаа нь юу юунаас илүү чухал. Утга учиртай зорилготой амьдрах сайхан. Амьдрал баян, сонирхолтой, гэхдээ сайхан.
Дээд тэнгэрээс заяатай гэж хөх тамгатай төрдөг цөөхөн монголчууд бид бүгдээрээ л "үнэ цэнэ"- тэй байж утга учиртай сайхан амьдрах боломжтой. Энэ нь өөр хэнээс ч биш зөвхөн танаас л хамаарна. Хөх тэнгэр ивээг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail: gala_mn@yahoo.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой 2008-09-12

No comments:

Post a Comment