Bi...Network...Za
Өөрийгөө олох олох гэж хайж яваа танд миний блог таалагдана гэж найдаж байна. Бид магадгүй өөртөө байгаа зүйлийг харалгүйгээр дэндүү хол явчихсан байдаг ч юм билүү. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийгөө танихыг зөвөлдөг. Харин яаж гэдгийг хамтдаа хайцгаая... Танд туслах нь таны үүрэг
Sunday, April 17, 2011
Би хаана төрөө вэ?
Бэгзийн Явуухулан
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурын шүд өвөл хангинах хөндийд,
Үлэг гүрвэлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай нь ган тулгын тотгонд,
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун газарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.
Subscribe to:
Posts (Atom)